Бурхан багшийн мэндэлсний Их Дүйчэн өдрийг “Ёс суртахуунаа эрхэмлэе” уриан дор тавдугаар сарын 27, 29-нд тэмдэглэх гэж байгаа талаар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс өнөөдөр мэдээлэл хийлээ. Их Дүйчэн өдөр зуны эхэн сарын шинийн 15-нд тохиодог уламжлалтай.
Уг өдрийн үйл ажиллагааг МБШТ Гандантэгчэнлин хийд болон бурхан шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 20 орчим төрийн бус байгууллага, төвүүд хамтран зохион байгуулахаар болжээ. Их Дүйчэн өдрийг тохиолдуулан хандивын аян өрнүүлж, хар тамхи, мансууруулах бодис зэрэг залуучуудын хорт зуршлын эсрэг арга хэмжээнд зарцуулах юм байна.
Цаашдаа Их Дүйчэн өдрийн баярыг нийслэлийн иргэдийн 20 гаруй хувь оролцдог нийтийн баяр болгох зорилготой байгаа юм байна.
Их Дүйчэн өдрийн хөтөлбөр
Тавдугаар сарын 27-нд 15.00-16.30 цагт Гандантэгчэнлин хийдээс Сүхбаатарын талбай хүртэл төв зам дагуу “Хүндэтгэлийн жагсаал” болно.
Тавдугаар сарын 29-нд 16.30-20.00 цагт Сүхбаатарын талбайд “Амар Амгалан” нэртэй бясалгал флаш моб, урлагийн тоглолт, лекц баярын үйл ажиллагаа болно.
Тавдугаар сарын 29-нд 05.00-21.00 цагт Гандантэгчэнлин хийдэд хурал номын зан үйл, урлаг соёлын үйл ажиллагаа зохион байгуулах бөгөөд нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд нар үг хэлэх юм байна.