Америкийн алдартай зохиолчдын нэг Филип Рот 85 насандаа таалал төгслөө. “Пулитцер”, “National Book”, “Man Booker” зэрэг нэр хүндтэй олон улсын шагналуудын эзэн тэрбээр еврей гэр бүлийн амьдрал, секс, Америк үзэл баримтлалыг уран бүтээлдээ түлхүү тусган үзүүлдэг нэгэн билээ.
Түүний бүтээлүүдээс “Америк ламтан”, “Би коммунисттай гэрлэсэн”, “Портнойн өвчин” зохиол нь ихээхэн алдартай юм. Дотны нэгэн найзынх нь “The New York Times” сонинд ярьсанчлан Рот зүрхний архаг эмгэгээс болж нас барсан ажээ.
Рот нь 1959 онд хэвлүүлсэн “Баяртай Колумб” нэртэй богино өгүүллэгийн цуглуулга номоороо амжилтанд хүрч, түүнээс арваад жилийн дараа бэлгийн харилцааны тухай илэн далангүй өгүүлсэн “Портнойн өвчин” зохиолоороо Америкт алдар хүндийн оргилд хүрсэн юм. Хожим 1997 онд “Америк ламтан” бүтээлээрээ Пулитцерийн шагнал хүртэж, тэр үедээ олны хүндэтгэлийг хүлээсэн түүхэн зохиолуудаа бичсэн байдаг.
Тэрээр 2009 онд уран бүтээлийн карьераа төгсгөл болгох үедээ 30 гаруй ном зохиолоо хэвлүүлжээ. Түүний дурсгалыг хүндэтгэсэн олон алдартан Твиттерт эмгэнэл илэрхийлэн жиргэжээ.
Б.Болормаа