Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэнд есөн тулаан хийж, бүгдэд нь ялалт байгуулаад байгаа билээ. Түүний 10 дахь тулаан өнөөдөр АНУ-ын Миссиссиппи мужийн Билокси хотод болно. Н.Төгсцогтын өрсөлдөгч Колумбын боксчин Оскар Эскандон юм. “Дайчин” хочит Эскандон 2014 оны арванхоёрдугаар сард WBO-ийн хагас хөнгөн жингийн дэлхийн аварга цолыг хүртэж байжээ. Эдүгээ Эскандон “BoxRec”-д чансаагаар жиндээ 11 дүгээрт, Н.Төгсцогт 23 дугаарт эрэмбэлэгдэж байгаа аж.
Н.Төгсцогт боксын рингэнд өмсөх өмсгөлөө танилцуулжээ. Чамин хар өмсгөл дээрээ ардын багш, гавъяат дасгалжуулагч Д.Банди агсны хөргийг залсан нь боксчдын анхаарал татаж байгаа аж. Боксын замд хөтөлж, амжилт өөд дагуулсан дасгалжуулагч багш Д.Банди агсны хөргийг зүрхэн тус газраа хэвлэжээ. Харин шорт дээрээ “R.I.P Coach D.Bandi” хэмээн бичжээ. Хүнд өвчний улмаас өнгөрсөн нэгдүгээр сард таалал төгссөн багшийнхаа дурсгалд зориулсан байна.