ЕБС-ийн сурагчид нийслэлийн ногоон бүсэд эко аялал зохион байгуулж буй үйл ажиллагаанд БСШУСЯ, Нийслэлийн боловсролын газраас хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар, Улаанбаатар хот орчмын ногоон бүс буюу Тэрэлж, Хандгайт, Эмээлт, Богд уул гэсэн үндсэн чиглэлд таван дүүргийн 17 сургуулийн 32 бүлгийн 800 гаруй сурагч амралт зугаалгаар явж байсан нь илэрсэн байна. Тодруулбал, ямар нэг амралтын газарт бус Тэрэлжийн голын хөндийд долоо, арваннэгдүгээр ангийн хоёр бүлэг, Гүнжийн сүм орчимд нэг, тавдугаар ангийн хоёр бүлэг багш, эцэг эхийн төлөөллийн хамт зугаалж байжээ. Шалгалтын хэсэг хүүхдүүдтэй уулзаж, анхааруулга чиглэл өгч, нийт боловсролын байгууллага, эцэг, эхчүүдэд зориулан зөвлөмж хүргүүлсэн аж.
Мөн амралт зугаалга зохион байгуулахдаа сурагчид хураамж, төлбөр төлж амарч байгаа нь хуульд заагаагүй төлбөр хураамжийн нэг хэлбэр болох тул холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзжээ. Тиймээс Нийслэлийн Засаг даргад албан бичиг хүргүүлж, холбогдох сургуулийн захирлуудад арга хэмжээ тооцож, анхааруулга санамж өгч ажиллах, холбогдох чиглэлийн дагуу хяналт тавьж ажиллах чиглэлээр дахин чиглэл хүргүүлсэн байна.