АНУ-ын эрх баригчид Умард Солонгост байгаа цөмийн 20 цэнэгт хошууг ойрын хугацаанд АНУ руу илгээхийг зөвшөөрүүлэх хүчин чармайлт тавьж байна. Энэ талаар АНУ-ын Засаг захиргааны эх сурвалжаас иш татан “The Japan Times” сонин мэдээллээ. Тус сонинд мэдээлснээр Умард Солонгостой зөвлөлдөх уулзалт хийж буй АНУ-ын төлөөлөгчид бас тодорхой тооны баллистик пуужингуудыг АНУ руу илгээх талаар ярьж байгаа юм байна. Энэ нь Умард Солонгосыг цөмийн болон пуужингийн хөтөлбөрөөс нь эргэлт буцалтгүй, баталгаатай бүрэн ангижруулахад зайлшгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай алхам гэж үзэж байгаа ажээ.
АНУ-ын эрх баригчид үүний хариуд Умард Солонгосыг терроризмыг дэмжигч улсуудын жагсаалтаас гаргахад бэлэн байгаагаа илэрхийлсэн бөгөөд “Асахи” сонины мэдээлснээр, терроризмыг дэмжигч улс орнуудын жагсаалтаас Умард Солонгосыг гаргах нь тус улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх боломжийг нээх юм байна. Түүнчлэн тус сонины мэдээлж байгаагаар Умард Солонгос дээрх тооны цөмийн цэнэгт хошуутайгаас гадна 50 кг-ас илүү зэвсэгт плутони, мөн хэдэн зуун кг сайжруулсан урантай ажээ. Одоогоор АНУ болон Умард Солонгос улсууд хоёр улсын удирдагчдын ирэх сарын 12-нд Сингапурт хийхээр товлосон уулзалтад бэлтгэж байгаа юм.