Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэд хэдэн асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын Хувьсгалын 97 жилий ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахад 2 тэрбум 981 сая төгрөг зарцуулна. Үүний 2 тэрбум 90 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс, 390 саяыг баяр наадмын үйл ажиллагааны орлогоос, 500 саяыг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахаар боллоо. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах салбар хороод 3 тэрбум 945 сая төгрөг шаардлагатай гэсэн санал ирүүлснийг хянаж ийм шийдвэр гаргасан байна. Өнгөрсөн онд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахад 3 тэрбум 40 сая төгрөг зарцуулсан бөгөөд энэ жилийнх 60 орчим сая төгрөгөөр буурчээ.