Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр өчигдөр /2018.06.01/ болж өнгөрлөө. Баярын өдрөөр цагдаагийнхан, эмнэлгийн байгууллагууд бэлэн байдалд ажилсан байна. Мөн Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс Налайх болон Хонхор чиглэлийн автозамд зөөврийн хяналтын пост байрлуулсан аж.
Ингэснээр тээврийн хэрэгслийн хурдыг хэмжих, бага насны хүүхдийг тээвэрлэж буй тохиолдолд хамгаалалтын бүс болон аюулгүйн суудал ашиглаж байгаа эсэхэд шалгалт явуулж, илэрсэн зөрчлийг газар дээр нь шийдвэрлэжээ. Харин нийслэлд хоёр хүүхэд зам тээврийн осолд өртсөн харамсалтай хэрэг гарчээ. Тэд 9,10 настай эрэгтэй, эмэгтэй хүүхэд байсан ба зам тээврийн ослын улмаас хүнд бэртэл авсан гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ.