БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, дэд сайд Г.Ганбаяр, сайдын ахлах зөвлөх С.Мөнхбат тэргүүтэй яамны удирдлагууд гавьяат тамирчин Н.Баярсайхан тэргүүтэй олимпийн наадмаас медаль хүртсэн үе үеийн тамирчдыг өчигдөр хүлээн авч уулзлаа. Тус уулзалтад 1968 оны олимпийн наадмын анхны хүрэл медальт, Ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Ардын багш, гавьяат тамирчин Д.Сэрээтэр, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин З.Ойдов, гавьяат тамирчин Н.Энхбат, гавьяат тамирчин Д.Нармандах нарын ахмад тамирчид хүрэлцэн иржээ. Мөн 2008 оны олимпийн наадмын алтан медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-ууган, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамба, гавьяат тамирчин Д.Отгондалай нарын залуу тамирчид оролцсон байна.
Монгол Улсын түүхэнд 1968 онд олимпийн наадмаас анхны медаль хүртсэнээс хойш энэ онд 50 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд “Олимпийн медалтнуудын холбоо” олимпийн наадмаас медаль хүртсэн тамирчдын хөргөөр зоосон мөнгө хийх, цуврал маркыг худалдаанд гаргах гэж байгаагаа дуулгалаа. Түүнчлэн алдартай олимп, дэлхийн аваргын медалтнууд болон дасгалжуулагч багш нарын тухай ном хэвлэх, олимпийн аваргуудын хувцас сэлтийг Үндэсний түүхийн музейд тавьж, гадна, дотнын жуулчдад сурталчлах зэрэг ажил хийх аж.
Эдгээр ажлуудыг салбарын сайд Ц.Цогзолмаа бүрэн дүүрэн дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна. Тэрээр хэлэхдээ, “Улсын баяр наадмаас өмнө олимп, тив дэлхийн аваргуудтай Ерөнхий сайд, яамны удирдлагууд уулзалт зохион байгуулна. Токиогийн 2020 оны олимпд бэлтгэх, үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг хэрхэн хангах гээд олон чиглэлд ажиллаж эхлэх хэрэгтэй байна. Өнгөрсөн жил батлагдсан спортын тухай хууль ирэх жилээс хэрэгжинэ. Хууль хэрэгжсэнээр анх удаа биеийн тамирын арга зүйч улс даяар ажиллана. Гэтэл зургаан сарын дараа хууль хэрэгжих гэж байхад ажил эхлээгүй явна. Тиймээс та бүхэн энэ мэт бидний ажлыг дэмжиж, саналаа хэлээрэй” гэжээ.