Замын-Үүд боомтоор тээврийн хэрэгсэл нэвтрэх боломжгүй болоод байна. Тодруулбал, улс хооронд зочигч ачаа тээвэр эрхэлдэг жолооч нар 3-ын хаалтын орох, гарах чиглэлийг хааж эсэргүүцлээ илэрхийлж байна.
УАЗ-469 автомашины жолооч нар ингэх болсон шалтгаанаа тайлбарлахдаа өөрсдийн бөгөөд ард түмний эрх ашгийн төлөө зогсож байна хэмээн хэлж байгаа юм. Учир нь ачаа тээврийн үйлчилгээг үзүүлэхдээ стандартын дагуу ачаагаа ач гэсэн шаардлагыг Хятадуудын зүгээс тавьсан юм байна. Өөрөөр хэлбэл, дээд тал нь 4-5 тор ачаа ачих буюу зөвхөн суудлын арын хэсэгтээ л ачих ёстой гэж байгаа аж. Ерөнхийдөө хүн тээвэр л хийхийг шаардаж байгаа хэмээн тайлбарлаж байна.
Замын-Үүд боомтоор ихэвчлэн худалдаа наймаа эрхлэгчид зорчдог. Тэд доод тал нь хоёр тор, цүнхтэй бараатай зорчдог. Гэтэл нэг автомашинд жишээлбэл дөрвөн хүн суухад найман цүнх тортой ачаа зөвхөн арын хэсэгт багтахгүй гэх асуудал үүснэ. Түүнээс ч их ачаа зөөвөрлөдөг байна. Асуудал үүнд л байгаа аж. Тиймээс тэд Ерөнхий сайдыг Замын-Үүдэд ирж энэ асуудлыг шийдэж өгтөл хил нээхгүй гэжээ.
Том тэргээр ачаагаа ачуулахад олон хоног алддаг тул зорчигчид ийнхүү 69-ийн үйлчилгээг сонгодог байна.
Өнөөдрийн энэхүү эсэргүүцлийн улмаас Замын-Үүд боомтод хилээр гарах гэсэн маш олон хүний эрх ашиг ч мөн зөрчигдөж байгаа юм. Тиймээс уг асуудлыг яаралтай шийдвэрлэхийг олон нийт хүсч байна.