АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хууль бус цагаач иргэдыг хүүхдээс нь тусгаарлах бодлогыг зогсоох тушаалд лхагва гарагт гарын үсэг зуржээ.
Өмнө нь Дональд Трампын эхнэр Меланиа Трамп, түүний охин Иванка, өмнөх Ерөнхийлөгч Барак Обама болон мэдээлэл технологийн томоохон компанийн удирдагчид, ардчилсан, бүгд найрамдах намын зарим гишүүд цагаачдын бодлогын эсрэг байр сууриа илэрхийлж байсан юм. Цагаан ордноос гарсан мэдэгдэлд “Хуулийн зохицуулалт хийтэл цагаачдыг гэр бүлийнх нь хамт хорьж, энэхүү асуудлыг яаравчлан шийдвэрлэх болно” гэжээ. Дээрх тушаалын гол зорилго нь шүүхийн шийдвэр гартал боломжит нөөцөөр ханган, гэр бүлийг хамтад нь байлгах явдал юм байна.
Түүнчлэн уг зарлигт эцэг эхтэйгээ явж байгаа хүүхдүүдийг саатуулах нь бага насны хүүхдүүдэд эрсдэлтэй гэж үзсэн тохиолдолд гэр бүлийн гишүүдийг бүгдийг нь саатуулж болохгүй гэж заажээ.
Гарын үсэг зурах ёслолын үеэр Дональд Трамп “Бид цагаач гэр бүлийг цугт нь байлгана. Гэхдээ бидний хүсээгүй нөхцөл байдлыг бий болгож буй гэмт хэрэгт холбогдсон, хууль бусаар хил нэвтрэх гэж оролдсон хүмүүсийн хувьд хатуу бодлого баримталж, цагаачдын хуулиа чангатгах болно” гэж хэлсэн байна. АНУ-ын цагаачлалын албаны мэргэжилтнүүдийн мэдээлснээр тавдугаар сарын 5-ны өдрөөс зургадугаар сарын 9-нийг хүртэл 2200 эцэг эхээс 2300 хүүхдийг тусгаарласан байна.