Өчигдөр Малайзын Ерөнхий сайд Махатхир Мохамад тус улсад олон жилийн өмнө бусдын гарт амиа алдсан Алтантуяагийн аав С.Шаарийбууг хүлээн авч уулзжээ. Гучин минут үргэлжилсэн уулзалтын дараа Ерөнхий сайд 12 жилийн өмнө болсон аллагын хэргийг дахин шалгах хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.
Малайзын Засгийн газрын төсөл дээр орчуулагчаар ажиллаж байсан Ш.Алтантуяагийн амийг бүрэлгэсэн хэргээр цагдаагийн ажилтан Сирул Азхар Умар, Азилах Хадри нар 2009 онд цаазын ял сонсож байсан ч давж заалдах шүүхийн шийдвэрээр 2013 онд уг ялыг цуцалсан юм. Дараа нь Холбооны Шүүх ялыг дахин сэргээсэн боловч сэжигтэн Сирул Австрали руу зугтжээ. Малайзын шинэ Засгийн газар түүнийг Австралийн талаас шилжүүлж авах тухай хэлэлцэж байгаа ба хэрэв хэргийг дахин шалгавал өмнөх Ерөнхий сайд Нажиб Разак, түүний шадар зөвлөх Абдул Разак Багинда нар уг хэрэгт холбогдож магадгүй юм.