УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Өмнө нь УИХ-ын гишүүн Д.Мурат, Д.Гантулга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч хориг тавьсан билээ. Хууль зүйн байнгын хороо “Д.Гантулгыг өөрийнх нь хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн тул хэлэлцэх боломжгүй байна.
Харин Д.Муратыг УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай тогтоолд тавьсан хоригийг хэлэлцээд хүлээж авахыг дэмжсэн болно” гэсэн дүгнэлт гаргасан байна. Мөн Төрийн байгуулалтын байнгын хороо дээрх асуудлыг хэлэлцээд хоригийг хүлээж авахыг дэмжжээ. Ерөнхийлөгчийн хоригтой холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн энэ үеэр байсангүй. Тиймээс Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах талаар санал хураалт явууллаа. Чуулганы хуралдаан оролцсон гишүүдийн 79.2 хувийн саналаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг дэмжлээ.