Оюутан цэрэг хөтөлбөрийн нээлт өнөөдөр гуравдугаар сарын 10-ны өдөр Политекникийн коллеж дээр боллоо. Монгол улсын Ерөнхийлөгчийн 92 дугаар зарлигаар \”Оюутан цэрэг” хөтөлбөрийг гурав дахь жилдээ хэрэгжүүлж байна. Анхны жил буюу 2014 онд 418, 2015 онд 995 оюутан хамрагдсан бол энэ жил 1000 орчим оюутан хамруулахаар болжээ.
Энэ жилийн \”Оюутан цэрэг” хөтөлбөрт нийслэлээс гадна Ховд, Дорнод, Говьсүмбэр аймагт хэрэгжиж байгаа юм, тодруулбал, нийслэлд 750, Ховд аймагт 150, Дорнод аймагт 80, Говьсүмбэрт 20 оюутан тус хөтөлбөрт хамрагдах юм байна. Өнөөдөр болсон нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Батлан Хамгаалах Яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний жанжин штабын хуурай замын цэргийн командлалын штабын дарга, хурандаа Б.Ганбаатар Дорнод аймгийн тусгайлсан чиг үүрэг бүхий хүчний байгууллагуудын бие бүрэлдэхүүн болон аймаг орон нутгийн удирдлагууд оролцлоо. Нээлтийн үеэр Политекникийн коллежийн түшиглэн байгуулсан Цэргийн танхимын нээж тууз хайчлах ёслолын ажиллагаа боллоо. Тус хөтөлбөрийн хүрээнд Зэвсэгт хүчний Жанжин штабаас баталсан хөтөлбөрийн дагуу оюутан цэргүүд \”Цэргийн ерөнхий бэлтгэл” сургалтыг эхний хоёр сар Бямба, Ням гарагуудад 09-14 цагийн хооронд хичээллэх юм. Харин цэргийн ерөнхий бэлтгэл сургалтын хөтөлбөрийг бүрэн хангаж тухайн шатны төгсгөлийн шалгалтад өндөр оноо, авч, эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн оюутнууд 06-р сарын 08-аас эхлэн 08-р сарын 15-ны хүртэл цэргийн тусгай бэлтгэлд хамрагдах юм.
Хөтөлбөр хэрэгжсэнээр оюутан залуус цэрэг эх оронч үзэл бодолтой, эх орноо батлан хамгаалах эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй залуус болон төлөвшсөнөөр дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн нэмэгдэж байгааг албаныхан онцолж байгаа.
\”Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл их, дээд сургуулиудын бакалаврын өдрийн ангид суралцаж байгаа нэгдүгээр дамжааны 18 нас хүрсэн оюутнуудаас сайн дурын үндсэн дээр алба хаах залуусыг их, дээд сургуулийн сургалтын алба, сургуулийн тодорхойлолтоор аймгийн ЗДТГ-ын цэргийн штабаар дамжуулан гуравдугаар сарын 15-аас 4 сарын 01-ний хооронд бүртгэх юм байна.