Хүнс хөдөө аж ахуйн газар, Ховд Орон нутгийн Хөгжлийн хөтөлбөрийн газар хамтран аймгийн Хөдөө аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан зөвлөгөөнд оролцогчдод хэлсэн үгэндээ \”Энэ хавраас Эрдэнэбүрэний УЦС-ын ажил эхлэхээр төлөвлөж байна.
Ховд голоос эрчим хүч үйлдвэрлэх даралттай усыг олон мянган га газар тариалан эрхлэх, услах, шинээр газар эргэлтэд оруулах, Буянт, Мянгад, Ховд, Булган сумдад 1000 га талбайг эдийн засгийн эргэлтэд оруулж далан барих гээд ирэх 2017 он хүртэл газар тариалан эрхлэх бэлтгэл ажлын хүрээнд олон ажлуудыг эхлүүлэхээр зорьж байгааг онцлоод аймгийн нийт мал сүргийн 95 хувиас доошгүй хувийг бэлчээрийн уламжлалт мал аж ахуйн хэлбэрээр, 5 хувийг фермерийн зохион байгуулалттай хөгжүүлэх аймгийн бодлог”-ыг танилцууллаа. Том зорилтод хүрэхийн тулд жижиг ажлыг чамбай эхлүүлж ажиллахыг тэрээр мэргэжилтнүүдэд зөвлөлөө.
Ховд аймгийн 17 суманд хөдөө аж ахуйн 53 нэгжид 100 гаруй мэргэжилтэн ажиллаж байна. Уг зөвлөгөөнөөр аймгийн ХХАА-н салбарын 2012-2016 онд хэрэгжүүлсэн ажлын тайлан, 2016 оны салбарын бодлого, мал эмнэлэгийн хэлтэс, мал аж ахуйн салбарын хэлтэс, хүнсний салбарын өнөөгийн байдал, газар тариалангийн салбарын зорилт, бэлчээр усан хангамжийн ашиглалт, хамгаалалт, хэрэгжүүлэх арга зам зэрэг мэдээллүүдийг холбогдох мэргэжилтнүүд танилцууллаа. Хөдөө аж ахуйн салбарын удирдах ажилтны аймгийн зөвлөгөөн маргааш дуусна.
Эх сурвалж: www.khovd.gov.mn