Монгол Улсын зэвсэгт хүчин болон хуулийн байгууллагуудад тахилга хийж, ном айлдсан Их наран хутагт гэгээнтэн гэх хүний талаарх зураг өнгөрсөн амралтын өдрүүдэд сошиал сүлжээнд тавигдаж ихээхэн шуугиан тарьсан билээ.
Тодруулбал, өөрийгөө Их наран хутагт хэмээн өргөмжилсөн М.Базарсад гэгч нь Баянхонгор, Архангай, Говь-Алтай аймгуудаар явж Монголын хууль хүчний төрийн албан хаагчдад шашны зан үйл хийж өгсөн бөгөөд тэрээр өөрийгөө догшин хутагтын хойд дүр хэмээн өргөмжилж ийнхүү шашны зан үйлийг ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр хийсэн байна. Түүний энэхүү үйлдэл нь өдгөө олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэлийг дагуулаад байгаа бөгөөд энэ асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү өөрийн цахим хуудаснаа тайлбар хийжээ. Тэрээр өөрийн фейсбүүк хуудаснаа бичихдээ “Нэг лам хүн баруун аймгуудаар явж лекц зохион байгуулсан юм байна. Нэг зүйл хариуцлагатайгаар мэдэгдэхэд энэ арга хэмжээг Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулаагүй болно” гэжээ.