Цагдаагийн албанд хэрэглэгдэж буй тусгай хэрэгсэл, тоноглосон автомашинуудыг харуулсан Нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр боллоо.
Цагдаагийн ерөнхий газрын Авто бааз нь албаны болон тусгай зориулалтын автомашины засвар үйлчилгээг стандартын дагуу чанартай хийж гүйцэтгэх, үйлчилгээнд явж байгаа автомашинуудад холбогдох хууль, дүрэм, журмын дагуу стандарт, норм, нормативыг мөрдөж ажиллах, инженер, техникийн ажилтнууд, цагдаа, жолооч, засварчид мэргэжлийн түвшинд үйлчилгээ үзүүлэн ажилладаг байна. Тус бааз нийт хөдлөх бүрэлдэхүүний 69 хувь нь БНСУ, 11 хувь нь ОХУ, 8 хувь нь БНХАУ, 10 хувь нь Япон, 2 хувь нь Герман, 0.2 хувь нь Чех улсад үйлдвэрлэгдсэн автомашинуудаар үйлчилдэг аж.
Үйлчилгээнд суудлын автомашин, том болон дунд оврын автобус , ачааны машин, тусгай зориулалтын автомашин, жийп машин, микроавтобус, мотоцикл, тусгай зориулалтын чиргүүл гэсэн 9 төрлийн техникийн хэрэгслээр гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг сахиулах үүргээ биелүүлэхэд албаны болон тусгай зориулалтын автомашинаар үйлчлэх, тэдгээрийн техникийн бэлэн байдлыг ханган ажилладаг байна. Цагдаагийн ерөнхий газрын Авто баазад өнөөдрийн байдлаар ашиглагдаж байгаа нийт машинуудын 37 хувь нь 5 хүртэл жил, 45 хувь нь 6-10 жил, 12 хувь нь 11-15 жил, 6 хувь нь 16-аас дээш жилээр үйлчилгээнд ашиглагдаж байгаа бөгөөд техникийн үйлчилгээ засварын хэлтэс нь өнгөрсөн гурван жилд давхардсан тоогоор 8,157 автомашины засвар үйлчилгээг цаг алдахгүй түргэн шуурхай хийж, албаны бэлэн байдлыг хангаж ажиллаж байгаа аж.
ЦЕГ-ын Санхүү аж ахуйн албаны дарга, цагдаагийн хурандаа Ж. Эрдэнэ болд ”Өнөөдөр монгол цагдаа улсын хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн үүргээ биелүүлэхэд албаны болон тусгай зориулалтын автомашинаар хангах ажлыг өөрсдөө нөөц боломжид тулгуурлан хангалттай төвшинд хийж гүйцэтгэдэг. Цагдаагийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэглэж байгаа эргүүлийн автомашинуудыг парк шинэчлэл бүрэн хийх шаардлагатай байгаа.Манай жижүүрийн машинуудын 24 цагаар тасралтгүй явдаг учраас их муудсан.
Энэ бааз дээр байгаа машинууд нийслэл хотын эргүүлд гардаг. Нийтдээ 68 машин гаргах ёстой. Гэтэл 20 гаруй машин гарч чадахгүй байна. Муудсан машиныг манай засварын ажилчид өдөр шөнөгүй засч ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж ажиллаж байгаа. Бидний гол зорилго бол эхний ээлжид гэмт хэрэг болон иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажилладаг эргүүлийн автомашинаа шинэчлэх шаардлагатай байгаа. Энэ асуудлаа холбогдох газруудад хандсан. Бид өөрсдийнхөө хүчээр боломжийн зүйлийг хийж байгаа хэдий ч хүртээмж маш муу байгаа. Нэг машин 5-6 хооронд ажилладаг учраас хүртээмжээ нэмэгдүүлэх шаардлагатай байгаа” гэв.