Пакистан улсын Исламабад хот дахь Авлигатай тэмцэх байгууллагын төв дээр тэсрэх бөмбөг байршуулсан тухай дуудлага хүлээн авсан гэж тус байгууллагын дарга Жавид Икбал мэдээлсэн байна.
Тэрээр авлигатай холбоотой чухал хэргүүдийг шалгах ажиллагаанд саад учруулахаар ингэж байна. Гэсэн ч манай мөрдөгчид айдаст автахгүй авлигатай тэмцэх ажлаа үргэлжлүүлэн хийх болно гэжээ.
Икбал мэдэгдэл хийсэнтэй холбогдуулан Пакистан улсын Дотоод хэргийн яамны сайд Азам Хан авлигатай тэмцэх байгууллагын хамгаалалтыг нэмэгдүүлэх, Парламентын Дотоод хэргийн хорооны дарга уг асуудлыг шалгах талаар тус тус чиглэл өгчээ.
Тус улсын Авлигатай тэмцэх байгууллагын дарга Жавид Икбал 2017 оны 10 дугаар сард томилогдсон байна. “Транспэрэнси интернэшнл” байгууллагын судалгаагаар Пакистан улс авлигаар 180 орноос 116-д жагсч, хамгийн авлигажсан улсуудын нэгээр шалгарсан байна.