Казахстаны уран гулгалтын нэрт тамирчин Дэнис Тэнийг хутгалан хөнөөсөн хэрэг пүрэв гарагт гарчээ.
2014 оны Сочигийн олимпоос хүрэл медаль хүртэж байсан түүнийг хоёр эрэгтэй машиных нь толийг хулгайлахын тулд хөлд нь хутгалж хүнд гэмтээсэн байна. Дэнис Тэнийг Алмата хотын эмнэлэгт хүргэсэн ч цус алдсаны улмаас нас барсан талаар Казинформ мэдээллийн агентлаг мэдээлжээ. Тэрээр хутгалуулж эмнэлэгт хүргэгдсэн үедээ 3 литр цус алдсан бөгөөд 25 настайдаа ийнхүү нас баржээ.
Өдгөө Казахстаны олон нийт болон дэлхийн олон орны спортын одод түүний дотор Өмнөд Солонгосын нэрт уран гулгагч Ким Юна зэрэг олон алдартай тамирчид Денис Тэнийг ийнхүү цаг бусаар амиа алдсанд гашуудан, эмгэнэл илэрхийлж байна. Дэнис Тэн 2013 оны Дэлхийн аварга шалгаруулах уран гулгалтын тэмцээнээс мөнгө, 2015 оны мөн тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан бөгөөд Казахстан улсын гавьяат тамирчин байжээ. Одоогоор уран гулгагчийг хөнөөсөн этгээдүүдийг эрэн сурвалжилж байгаа ба Алмата хотын цагдаагийн газраас гэмт этгээдүүдийн талаар мэдээлэл өгсөн хүнийг мөнгөн шагнал олгохоор амлаад байна.