2002 оноос хойш энэхүү баяр Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд тогтмол зохион байгуулагддаг болсон юм.
“Монголын нууц товчоо” зохиолд тэмдэглэгдэн үлдсэн Алунгоо хатны төрсөн нутаг Аригийн гол тус сумын нутгаар дамнан урсдаг. Энэ нутагт Алунгоо хатантай холбоотой хууч яриа, гол усны домог цөөнгүй байдгаас улбаалан 1992 онд Алунгоо хатны дурсгалын хөшөөг 3м өндөртэйгөөр Аригийн голын урд талд Тарагны овоо хэмээх бяцхан өндөрлөг дээр босгосон түүхтэй. Хөшөөний эх загварыг зураач, барималч Ц.Цэдэн-иш зохиож, өөрөө урласан гэдэг. Уг хөшөө сумын төвөөс 12 км зайд байрладаг юм.
Чингис хааны мэндэлсэний 840-н жилийн ой тохиосон 2002 оны 8-р сарын 28-29-нд “Алунгоо эхийн сургаалийн баяр”-ыг анх Чандмань-Өндөр сумын Засаг дарга, түүхч-судлаач Х.Энхтүвшингийн санаачлагаар тэмдэглэж эхэлсэн бөгөөд баярыг Чандмань-Өндөр сумын ЗДТГ, Хөвсгөл аймгийн ЗДТГ, Монголын саран ээж нийгэмлэг, Чингис хааны холбоо хамтран зохион байгуулдаг уламжлал тогтон, Монгол түмний тэмдэглэн өнгөрүүлдэг олон олон баяруудын дундаас “Хатан ээжийн сургаалийн баяр” гэдгээрээ онцлог өвөрмөц арга хэмжээ болж 4 жил тутамд зохион байгуулагдаж төлөвшсөн юм.