Дэлхийн хоёр дахь ноён оргил “К2” /8611 м/ ууланд амжилттай авиралт хийсэн Монгол Улсын гавьяат тамирчин Б.Гангаамаа үндсэн отог дээр эсэн мэнд бууж иржээ. Түүний биеийн байдал сайн байгаа гэж уг авиралтыг зохион байгуулагч Пакистаны АТР компанийн гүйцэтгэх захирал ноён Найкнам Карим /Naiknam Karim/ утсаар мэдэгдсэн байна.
“К2” уулын оргилд долдугаар сарын 21-нд манай уулчинтай хамт нийт 31 уулчин хамт гарсан нь нэг ёсны рекорд амжилт юм байна. Өмнө нь 2012 оны долдугаар сарын 31-нд нэг дор 28 уулчин “К2” уулын оргилд хөл тавьж байсан тухай “The Hymalayan News сонинд” бичжээ. Эдгээр улс орны уулчдаас Монголын анхны уулчин төдийгүй анхны эмэгтэй уулчин Б.Гангаамаа нь анх удаа “К2” уулын оргилд амжилттай гарлаа гэж Пакистаны сонинд мэдээлсэн байна.
Италийн уулчид Ахиль Компаноьори /Achille Compagnoni/ ба Лино Ласедели /Lino Lacedelli/ нар анх 1954 онд “K2” уулын оргилд хөл тавьснаас хойш 337 уулчин тус оргилд гараад байгаа аж. Мөн энэ хугацаанд 84 уулчин авиралт хийж байгаад амь насаа алджээ.