Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Д.Мурат нарт холбогдох хэргийг хянаж, 2018 оны долдугаар сарын 6-ны өдөр шүүхэд шилжүүлсэн. Түүнд холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр өглөөний 09.00 цагт товлогдсон өмгөөлөгчийн хүсэлтээр өнөөдөр 14:00 цаг хүртэл хойшилсон юм. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт Д.Мурат өөрөө оролцохгүй бөгөөд өмгөөлөгч Баян-Өлгий аймгаас онлайнаар оролцох гэнэ. Харин хохирогч гэх Б.Бахытгүл өөрийн биеэр хуралд оролцоно гэдгийг эх сурвалж мэдээлж байна.
Урьдчилсан хэлэлцүүлгийг шинэ хуулиар шүүх хуралдааны бэлтгэл хурал гэж ойлгож болно. Тэгэхээр энэ хэлэлцүүлэгт шүүгдэгч хохирогч нар ирэхгүй байсан ч саадгүй үргэлжлэх боломжтой гэсэн үг юм байна.
УИХ-ын гишүүн Д.Муратад Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэсэн заалтаар хэрэг үүсгэсэн байна. Хуульд зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэсэн заалтаар яллах дүгнэлт үйлджээ.