ОУВС-гаас манай улсад хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн тав дахь шатны үнэлгээг хийх ажлын хэсэг хоёр хоногийн өмнө манай улсад ирсэн байгаа билээ. Тэд ирсэн даруйдаа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тэргүүтэй албаныхантай уулзсан бол Монголбанкны тэргүүн дэд дарга болон холбогдох бусад хүнтэй шат дараалсан уулзалтыг хийсэн байгаа юм. ОУВС-гийнхэн энэ удаад тав дахь шатны үнэлгээг хийхээс гадна олон нийтийн дунд хүлээлт үүсээд буй асуудал нь цалин, тэтгэвэртэй холбоотой.
Өөрөөр хэлбэл, Сангийн сайдын зүгээс цалин, тэтгэвэр нэмэх талаар ярилцаж, шийдэлд хүрнэ гэж мэдэгдээд байгаа.
Тэгвэл энэ оны IV улиралд төрийн албан хаагчдын цалинг нэмэхээр хэлэлцсэн байна. Чухам хэдэн хувиар яаж нэмэх талаарх асуудлыг үргэлжлүүлэн ярилцаж байгаа талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлсэн. Түүнчлэн ХНХЯ-ны зүгээс хэнчээн хувир нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа Сангийн яаманд уламжилснаар хэлэлцээр цааш үргэлжилнэ гэдгийг хэлж байна.
Одоогийн бий болгосон орлогын боломжийг хэрхэн хуваарилах талаар ОУВС-тай хэлэлцэх бөгөөд ямар ч байсан шийдэлд хүрэх байх гэдгийг С.Чинзориг сайд хэлсэн. ХНХЯ-ны зүгээс цалин, тэтгэврийг инфляцын төвшинтэй уялдуулахаас гадна ачаалал, ур чадварт тулгуурлан нэмэх бодлого барьж байгаа юм байна. Энэ талаар эрүүл мэндийн салбарт судалгаа хийхэд сувилагч, тэр дундаа мэс засал, сэхээн амьдруулах тасгийн сувилагч хамгийн их ачаалалтай байдаг бол боловсрлын салбарын хувьд бага ангийн багш нар ур чадвар ихээр шаарддаг, хамгийн ачаалалтай болох нь харагджээ. Тиймээс ХНХЯ уг судалгаанд тулгуурлан цалингийн шатлалыг өөрчлөх саналтай байгаа аж.
Энэ талаар ХНХ-ын сайд С.Чинзориг “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо цалингийн доод хэмжээг тогтоох асуудлаар ойрын хугацаанд шийдэлд хүрэх байх. Манай яамны зүгээс ирэх оны нэгдүгээр сараас цалингийн доод хэмжээг 300 мянга болгон нэмэх саналтай байгаа. МҮЭХ-ны зүгээс 350 мянгад хүргэх саналтай байгаа. Үүнд инфляц, ДНБ-ий өсөлт, үнэ гээд олон зүйл нөлөөлөх тул бид хэлэлцээд ямар ч байсан ирэх оны төсвийг УИХ-д өргөн барихаас өмнө шийднэ” гэлээ.