Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөх хад багийн “Найрамдал-Уул” гэдэг газар Ховд голын усанд осолдсон 10, 13 настай Ж /эрэгтэй/, А /эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааны талаар тухай бүрт нь бид мэдээлж байгаа билээ. Хүүхдүүд голын усанд живсэн тухай анх өнгөрсөн зургадугаар сарын 24-ний өдрийн 21:51 цагт мэдэгдсэний дагуу 25-наас долдугаар сарын 9-ний өдрүүдэд, мөн сарын 21-нээс 23-ны өдрүүдэд тус тус эрлийн ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон. Мөн энэ сарын 31-ний өдөр дахин хүсэлт гаргасан байна. Тиймээс тус аймгийн Онцгой байдлын газрынхан ар гэрийнхний хамт эрэн хайх ажиллааг зохион байгуулжээ.
Өчигдөр буюу энэ сарын 1-ний өдөр хүүхдүүд осолдсон гэх газраас Хасбаатарын хөшөө хүртэл “Ховд” голын усаар нийт 6 км-т, 6 удаа шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул 20:20 цагт түр зогсоосон байна. Харин эрэн хайх ажиллагааны явцад Хасбаатарын хөшөөний орчмоос 2018 оны зургадугаар сарын 8-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон Өлгий сумын Цагаан-Эрэг багийн харьяат 34 настай иргэн А /эрэгтэй/-ын цогцсыг олж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Мөн өчигдөр Баянхонгор аймгийн Жаргалант сумаас 5км-т орших Эмээлт толгой багийн “Эмээлт” гэдэг газар тус сумын Хөндлөн багийн харьяат малчин Б /22 настай, эрэгтэй/ Байдраг голыг морьтойгоо гатлах гэж байгаад живжээ. Түүнийг живсэн тухай дуудлагыг 19:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид орон нутгийн 10 иргэний хамт, нийт 18 хүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.