Хэнтий аймаг, Мөрөн сумын Чандгана багийн “Гичэгний гол” гэдэг газар буюу сумын төвөөс баруун хойш 34 км замд хоёр автомашин мөргөлдсөн ноцтой осол гарчээ. Тодруулбал, Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Т-ийн эзэмшлийн 29-47 СҮА улсын дугаартай Приус-20, иргэн Ц-ийн эзэмшлийн 28-98 ХЭҮ улсын дугаартай Портертой мөргөлдөж автомашины төмөр эд ангид иргэд хавчуулагдсан гэсэн дуудлага ирсэн байна.
Дуудлагыг өнгөрсөн шөнө буюу энэ сарын 5-ны 03:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид газар дээр нь очин ажиллахад автомашины төмөр эд ангид гурван хүн хавчуулагдаж нас барсан байжээ. Ослоор Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат 64 настай иргэн И /эмэгтэй/, 42 настай Т /эмэгтэй/, 13 настай охин Хонгорзул нар нас барсан бөгөөд цогцсуудыг гаргаж тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгчээ.