“Монголын худалдаачдын холбоо”, “ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо”-ыхон өнөөдөр Mongol News мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд энэ үеэр нийслэлийн удирдлагуудын шийдвэрийг эсэргүүцэж, хотын ерөнхий менежер Т.Гантөмөрийг АТГ-т өгөх гэж байгаагаа мэдэгдлээ. Тодруулбал одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа ТҮЦ-үүдийг ачиж, холдуулчихаад оронд нь автобусны карт зарах нэрээр найман сая төгрөгийн үнэ бүхий шилэн ТҮЦ байршуулхаар зэхэж байгаагийн цаана дарга даамал эрх мэдэлтнүүдийн эрх ашиг нуугдаж байна гэж тэд үзэж байгаа аж.
Монголын худалдаачдын холбооны тэргүүн З.Пунсалдулам хэлэхдээ “Бидний удаа дараа өгсөн шаардлагад нийслэлийн удирдлагууд эцэслэн хариу өгөхгүй байна. Хотын удирдлагууд “Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам” батлагдтал ямар нэг нөлөө үзүүлэхгүй гэж ярьсан. Гэвч өнөөдөр ТҮЦ-ийг олноор ачиж байна. Бидний ажлыг нураан, ТҮЦ-ний бизнес хийх гээд байгаа Т.Гантөмөрийг АТГ-т өгнө” гэлээ.