Нийслэлийн Хан-Уул дүүрэгт энэ сарын 04-нд тарваган тахлын хүний өвчлөлийн сэжиг илэрч, ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн хамтарсан баг ажиллаж шуурхай хариу арга хэмжээ зохион байгуулан эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээ хийж, эмнэлзүй, лабораториор онош үгүйсгэгджээ.
Найман настай “Х” гэгч нь тарваганы түүхий давсаг 2 ширхэгийг залгисан, 38-39 хэм хүрч халуурсан, хүзүүний хоёр булчирхай томорсон гэсэн зовиуртай эмнэлэгт хандсан байна.
Хэдийгээр энэ удаагийн тохиолдол онош үгүйсгэгдсэн ч тарваганы түүхий эд эрхтнийг эмчилгээний зорилгоор ашиглах нь амь насанд аюултайг мэргэжлийн байгууллага хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр сурталчилсаар байтал иргэдийн ухамсар мөчид үйл ажиллагаа, буруу хандлага зогсохгүй байна.
Тухайн тохиолдолд сэжигтэн ээж аавын хамт өрхийн эмнэлэг, Интермед эмнэлэг, ХӨСҮТ-ээр дамжин үйлчлүүлсэн байгаа нь хэрэв өвчилсөн бол хичнээн тооны хүнд халдвар тараах байсныг таах аргагүй бөгөөд түүнээс гарах хор хохирол асар их болохыг харуулж буй юм.
Хуулиар тарвага агнахыг 3 жилийн хугацаагаар хорьсон хэдий ч хууль хэрэгжихгүй байгаа, нийслэлд тарваганы түүхий мах, эд эрхтэн нууцаар орж ирж байгааг энэ тохиолдол илэрхийлж байна. Иймд хууль хяналтын байгууллагууд ард иргэд хамтран ажиллаж аюулт өвчний эрсдлээс сэргийлэх нь чухал гэдгийг албаныхан анхааруулав.