Өнгөрсөн сар болон ойрын өдрүүдэд орсон усархаг борооны улмаас зарим замууд дээр эвдрэл гарсан.
Үүнээс Монелийн уулзвар дахь авто замын үерийн ус зайлуулах хоолойг таглаж зөвшөөрөлгүй иргэн, аж ахуйн нэгж бууснаас болж тус бүсийн авто зам эвдэрч, ихээхэн хохирол учирсан. Мөн гадна тойруугийн зам Дарь-Эхийн уулзвараас Ганц худаг, Цагаан даваа чиглэлийн авто замын үерийн даланг хааж айл өрхүүд бууснаас зам эвдэрсэн байгаа юм. Дарь-Эхийн төв замыг засварлах санхүүжилтийг Нийслэлийн автозамын хөгжлийн газрын хөрөнгөөр шийдвэрлэхээр Нийслэлийн Засаг даргын захирамж батлагджээ. Нийт гурван байршилд 812 м.кв талбайд 48.7 сая төгрөгийн засварын ажил хийхээр боллоо. Мөн дараах замуудыг хаахаар төлөвлөжээ.
Ахуй үйлчилгээний ордны урд зам
2018 оны наймдугаар сарын 10-аас 12-ны өдөр хүртэл БГД, Энэбишийн өргөн чөлөө, Ахуй үйлчилгээний ордны урд, тусгаарлах зурвасын урд, зорчих хэсэгт 12 метр зам сэтэлнэ. 5 эгнээ замын 2 эгнээгээр нь тээврийн хэрэгсэл саадыг тойрч гарах боломжтой.
Урт цагааны урд зам
2018 оны наймдугаар сарын 11-ээс 12-ны өдөр ЧД, Жуулчны гудамж, Урт цагааны урд талд. Урт цагааны урд зам бүтнээр хаагдана.
“Ард” кино театрын хойд тал
ЧД, 1-р хороо, “Ард” кино театрын хойд талын замыг сэтлэх ажил хийнэ. Хойд туслах замыг бүтнээр нь хаана.
Нийслэлийн хэмжээнд 86 гудамж замын эвдрэл гэмтлийн судалгаа гаргаад, засварын ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд зам засварлахад шаардлагатай нэг тэрбум орчим төгрөгийг Нийслэлээс шийдвэрлэсэн.
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдааны үеэр эвдрэл үүссэн замуудыг түргэн засварлах, нийслэлийн Газрын албатай хамтран зөвшөөрөлгүй буусан айлуудыг нүүлгэхийг Нийслэлийн Засаг дарга үүрэг болгожээ.