Наймдугаар сарын 12-нд Дорноговийн нутгаар орсон усархаг аадар борооны улмаас Сайншанд-Хамарын хийд чиглэлийн хатуу хучилттай авто замын зарим хэсэг эвдэрчээ.
Сайншанд сумаас тав, 14, 29 дэх км орчимд авто зам дээгүүр ус хальж урсан авто замын далан суурийг угааж хөвөөг урсгасан бөгөөд мөн авто замын хийц болон зорчих хэсэгт эвдрэл үүсэн замын хөдөлгөөний аюулгүй байдал алдагдах нөхцөл бүрдсэн аж. Борооны усанд эвдэрсэн замыг хэзээ засаж хэвийн байдалд оруулах талаар албаныхнаас мэдээлэл авах гэсэн боловч зарим нь амралттай байгаа талаар эх сурвалж хэллээ.
Орон нутгаас зорчигч, тээвэрчдэд зориулан эвдэрсэн газарт авто замын эвдрэлийг заасан анхааруулах тэмдэг тэмдэглэгээг тавьжээ. Мөн иргэдийг тус замаар зорчихдоо тэмдэглэгээг сайтар харж анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж буй. Замын эвдрэл нийт 2.5 км үргэлжилжээ.
Дорноговь аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албаны гаргасан мэдээллээр наймдугаар сарын 15-16-ны хооронд Дорноговь аймгийн нийт нутгийг хамарсан усархаг аадар бороо орох төлөвтэй байна.
Тиймээс албаныхан үер усны аюулаас болгоомжлох, анхаарал сэрэмжтэй байхыг малчид, иргэд аж ахуй нэгжүүдэд анхаарууллаа. Дашрамд дурдахад наймдугаар сарын 12-нд Дорноговь аймгийн Айраг сумын нутагт орсон усархаг аадар борооны хур тунадасны хэмжээ 80 мм байсан бөгөөд энэ нь гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрчээ. Учир нь хур тундасны хэмжээ 50 мм-ээс дээш гарсан тохиолдолд гамшигт үзэгдэлд тооцдог байна.