Энэ сарын 9-нд Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар албан өрөөндөө архидан согтуурч, нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарч нийгэмд ихээхэн шуугиан дэгдсэн билээ. Мөрдөн байцаалтын явцад тус яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнг ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал амь насыг нь хөнөөсөн нь болох нь тогтоогдсон байдаг бөгөөд одоогоор уг хэргийн сэжигтэн Б.Махбалыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Тэгвэл дээрх хэргийн шүүх эмнэлгийн урьдчилсан дүгнэлт гарсан байна. Уг дүгнэлтэд талийгаач Т.Гомбосүрэнг тархиндаа хүнд гэмтэл авсан нь үхлийн шалтгаан болсон төдийгүй эрүүний яс нь хугарсан байна гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ. Одоогоор уг хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтсээс Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст шилжүүлж, прокурорын хяналтад мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна.