Одоогоос 38 жилийн өмнө Домогт Битлз хамтлагийн гишүүн агсан, нэрт дуучин Жон Ленноны амийг хөнөөсөн алуурчны өршөөлийн хүсэлтийг хуулийнхан 10 дахь удаагаа буцаажээ. Энэ талаар New York Daily News сонин өнөөдөр мэдээллээ.
Битлз хамтлагийн гишүүн агсан, нэрт дуучин Жон Ленноны амь насыг хөнөөсөн өдгөө АНУ-ын Нью-Йорк мужийн Аттик хотын чанга дэглэмтэй шоронд ял эдэлж буй Марк Дэвид Чепмэн гэгч нь өчигдөр Нью Йорк мужийн өршөөлийн зөвлөлийн шийдвэрийг сонсон татгалзсан хариу авчээ.
Шүүхээс уг этгээдийн хүсэлтийг буцаасан учир шалтгаанаа тайлбарлахдаа “уг этгээд нь нийгэмд маш аюултай этгээд” гэж үзсэн учраас ийнхүү татгалзсан байна.
Бүх насаараа хоригдох ял авсан Чепмэн нь өдгөө 63 настай бөгөөд тэрээр өмнө нь шүүхэд хандан хугацаанаас нь өмнө нь суллахыг хүсч өршөөл үзүүлхийг гуйж байсан ажээ. Шүүхээс 10 дах удаагаа татгалзсан хариу авсан Марк Дэвид Чепмэн нь одоо 2020 оны наймдугаар сард дахин өршөөл хүсэх боломжтой юм байна. Марк Дэвид Чепмэн нь 1980 оны арванхоёрдугаар сарын 8-нд Битлз хамтлагийн гишүүн асан Жон Ленноныг “Walking on Thin Ice” альбомаа бичүүлээд Манхэттен дэх гэр лүүгээ харьж явахад нь гэрийнх нь гадаа буудан хороож байжээ. Хуулийн дагуу Чапмэн 2000 оноос эхлэн өршөөл хүсэх эрхтэй болсон бөгөөд тэр цагаас хойш ийнхүү 10 удаа хүсэлтээ гаргаад байна. Харин шүүхээс түүний гаргасан хүсэлт болгонд татгалзсан хариу өгдөг байна.