Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И өнөөдөр Увс аймагт хүрэлцэн ирлээ. Хүндэт зочны хамт Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ирсэн юм.
Тэднийг “Дэглий цагаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардахад аймгийн удирдлагууд угтан авлаа. Улмаар албаны хүмүүсийг Галданбошгот хааны Хүндэтгэлийн өргөөнд хүлээн авч уулзан, аймгийн Засаг дарга Д.Батсайхан Увс аймгийн ерөнхий танилцуулгыг хийлээ.
Мөн аймгийн ЗДТГ-т хоёр талын нэгдсэн уулзалт болсон бөгөөд энэ үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн тулд хил, боомтын хүнд суртлыг арилгах нь чухал гэдгийг онцлон хэлсэн юм. Уулзалтад Говь-Алтай, Баян-Өлгий, Завхан, Ховд аймгийн Засаг дарга нар мөн оролцож, өөр өөрсдийн аймгийн талаар товч мэдээлэл хийлээ.
БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И болон бусад албаны хүмүүс Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа юм. Гадаад хэргийн сайд Ван И аймгийн удирдлагуудтай уулзалт хийж дууссаны дараа Улаан давааны цаадах Үүрэг нуурыг зорино.