Индонезийн Жакарта, Палебанг хотуудад Азийн спортын хамгийн том үйл явдал болох Азийн XVIII наадам үргэлжилж байна. Манай улс гурван алт, хоёр мөнгө, таван хүрэл нийт 10 медаль хүртээд буй юм. Тамирчид чөлөөт бөхийн төрөлд хоёр алт (Э.Бэхбаяр, П.Орхон), нэг мөнгө (Ш.Түмэнцэцэг), гурван хүрэл (О.Үйтүмэн, Э.Сумъяа, А.Батцэцэг), буудлагын төрөлд нэг алт (Г.Нандинзаяа), нэг мөнгө (Ч.Нарантуяа), нэг хүрэл (Г.Нандинзяа), жю-жицу барилдаанд нэг хүрэл (Ц.Удвал) медаль хүртээд байгаа билээ.
Өнөөдрөөс Монголчуудын гол найдвар тавьдаг жүдо бөхийн төрөл эхэлнэ. Эрэгтэй 60 кг-д МУГТ Д.Амартүвшин, 66 кг-н жинд Г.Хэрлэн, Б.Эрхэмбаяр, эмэгтэй 48 кг-д МУГТ М.Уранцэцэг, 52 кг-н жинд Г.Ганцэцэг нар татамид гарна. Мөн медалийн тоог нэмэх боломжтой боксын төрөлд Б.Чинзориг, Х.Энх-Амар болон эмэгтэй төрөлд О.Жаргалан нар рингэд гарна. Үүнээс гадна ширээний теннисийн багийн төрөлд, кураш бөх, хөнгөн атлетик, дугуй, параглидингийн төрлүүдэд манай тамирчид өрсөлдөх ажээ.