Хичээлийн шинэ жил эхлээгүй байхад л багш нар ажил хаяна, хичээл эхлүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн. Гэвч салбарын сайдтайгаа зөвшилцсөн ирэх даваа гарагт ажил хаяхгүй гэсэн мэдээлэл өнгөрсөн баасан гаригт мэдээлсэн. Мөн Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан болон Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир нартай уулзаж, зөвшилцлийн ширээнд суусан. Гэтэл багш нар ажил хаялт дахин мэдэгдсэн.
Засгийн газраас эмч, багш нарын цалин хөлсийг тодорхой хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан.Харин энэ засгийн газрын шийдвэр багш нарт таалагдахгүй байгаа гэнэ. Багш нарын үйлдвэрчний байгууллагаас дөрвөн шаардлага тавьж байгаа бөгөөд урамшуулал хэлбэрээр 56,3 тэрбум төгрөг олгох, төсөвт тодотгол хийж ирэх сарын 1-нээс цалинг 15 хувиар нэм, эцэст нь 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс 50 хувь болгон нэмэгдүүл гэсэн тулган шаардлагыг тавьж байгаа юм байна.
Багш нарын тэмцэлд зуны гурван сарын хангалттай хугацаандаа шаардлага тавих боломж байсан
Багш нарын хувьд эрхээ эдэлж болно. Үүнийг нь улс даяараа дэмжиж байгаа. Гэхдээ тэмцэхэд хариуцлага, ёсзүй, зарчим байх ёстой. Багш нарын тэмцэлд зуны гурван сарын хангалттай хугацаандаа шаардлага тавих боломж байсан. Сурагчид л амарсан болохоос Засгийн газар, холбогдох яам, агентлагууд ажиллаж л байсан. Гэтэл өнгөрсөн хугацаанд амарч аялаж зугаалж явсан багш нар хичээлийн шинэ жилээр тэмцлээ дахин үргэлжлүүлж байна.
Мөн хүүхдүүдийн сурах, хөгжих эрх багш нарын цалингаас үнэ цэнэгүй байх учиргүй юм. Багш нар эрх ашгаа хамгаалж болно. Гэхдээ гэмгүй хүүхдүүдийг хохироох ёсгүй. Нөгөө талаас есдүгээр сарын бол зөвхөн багш нарын асуудалд анхаарах бус Монгол Улсын, Монголын ард түмний тэрдундаа хичээлийн шинэ жилээ хөөрч баясч тэсэн ядан хүлээдэг хэдэн мянган хүүхдүүдийн баярын өдөр юм. Тиймээс дүрэмт хувцас, сурагчийн цүнхээ бэлтгэсэн хүүхдүүдийн хүсэл тэмүүлэл, догдлолыг унтрааж байна.