Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газар, Монгол Улсын Үндэсний номын сан, Улаанбаатар хотын төв номын сантай хамтран номын үзэсгэлэн гаргасан байна.
Энэхүү үзэсгэлэнд Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүссэнээс хойш 25 жилийн хугацаанд хэвлэгдэн гарсан монголын төрийн тогтолцоо, төр эрх зүйн түүх, парламентын ёс, Улсын бага хурал, Улсын Их Хурлын түүхэн товчоо, эмхтгэлүүд, төрийн түшээд, улс төрчдийн тухай ном, хэвлэл болон ойд зориулсан номуудыг уншигч үйлчлүүлэгчдэд дэлгэн үзүүлж байна. Тухайлбал, \”Монгол Улсын парламент” дөрвөн боть, \”Судалгааны эмхэтгэл” хоёр боть, \”Улсын Бага Хурлын товчоон, 1990-1992 он”, \”Монгол Улсын анхны байнгын ажиллагаатай парламент-Улсын Бага Хурал /1990-1992 он/”, \”Найргийн хуртай монгол парламент”, \”Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын Тамгын газар: 1990-2015 он” зэрэг номуудыг олон нийтэд толилуулж байна.
Монгол Улсын Үндэсний номын санд гарсан үзэсгэлэн 7 хоног үргэлжлэх бол Улаанбаатар хотын төв номын санд дэлгэгдсэн үзэсгэлэн энэ сарын 13-ныг дуустал үргэлжлэх юм.