Унгарын нэрт дуучин Ева Мартоны нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаан есдүгээр сарын 10-16-ны өдөр Унгарын Будапешт хотноо боллоо. Лист академиас зохион байгуулдаг тус тэмцээнд Монголын дуурийн залуу дуучин Ч.Бадрал нэгдүгээр байр эзэлж, Эва Мартоноос шагналаа гардан авсан талаар Унгарын Fidelio сайтад нийтэлжээ.
Харин хоёрдугаар байрын шагналыг Адам Зусзанка, гуравдугаар байрын шагналыг Музеченко, академийн нэрэмжит шагналыг Татскис Назар, үзэгчдийн нэрэмжит шагналыг Салас Гелано нар гардан авсан байна.
Мөн түүнчлэн УДБЭЧ-ын гоцлол дуучин, МУСТА Ч.Бадралын хувьд энэ оны долдугаар сард Италийн алдарт “CHIGIANA” академаас зохион байгуулдаг олон улсын тэмцээнээс 1870 дуучинтай өрсөлдөж тэргүүн байр эзэлж, эх орныхоо нэрийг гаргаж байсан юм.