Дархан-Уул аймгаас энэ сарын 16-ны өдөр алга болсон ах, дүү хоёрыг Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс эсэн мэнд олжээ. Тэд хоёулаа эрэгтэй, нэг нь 12, нөгөө нь 8 настай юм байна.
Хөвгүүдийг алга болсныг ар гэрийнхэн нь мэдмэгцээ цагдаагийн байгууллагад хандаж, улсын хэмжээнд эрэн сурвалжлах үйл ажиллагааг явуулсан бөгөөд урьдчилсан байдлаар алга болсон үйл явц нь гадны нөлөөгүй болохыг тогтоожээ. Түүнчлэн одоогийн байдлаар гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой нөхцөл байдал тогтоогдоогүй байгаа гэдгийг холбогдох байгууллагаас мэдээлсэн байна. Хэргийг Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газарт шалгаж байгааг ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн хэллээ.