Холливүүдийн нэрт жүжигчин, тулаант киноны од Стивен Сигал Оросын Алс дорнодын амбан захирагч болох хүсэлтээ саяхан илэрхийлжээ. Ийм мэдэгдлийг тэрээр өчигдөр Владивосток хотноо болж буй Ази номхон далайн бүсийн “Токиогийн огтлолцол” олон улсын кино наадмын үеэр хийснийг “Интерфакс” агентлаг дамжуулсан байна.
Түүнээс сэтгүүлчид яагаад Приморск мужийн амбан захирагч болох хүсэлтэй байгаа тухай асуухад Стивен Сигал “Манай өвөг дээдэс энэ нутгаас гаралтай, Тийм болохоор би энэ мужийн талаар ихийг мэдэх, түүнийг хөгжүүлэхийн төлөө ажиллах сонирхолтой” гэж хэлсэн байна.
Түүнийг энэхүү мэдэгдлийг хийх үеэр кино танхимд сууж байсан олон арван үзэгчид алга ташин баяр хүргэжээ. Өнгөрсөн наймдугаар сарын эхээр Оросын Гадаад хэргийн яам түүнийг тус улсын ГХЯ-ны соёл шинжлэх ухаан, боловсрол, спортын албан бус төлөөлөгчөөр томилсон бөгөөд эцэст нь тэрээр бие даасан бизнес эрхлэгч гэсэн статустай болжээ. Стивен Сигал өнгөрөгч 2016 оны 11-р сард ОХУ-ын иргэн болсон бөгөөд түүнийг тус улсын иргэн болсон бичиг баримтыг Ерөнхийлөгч В.Путин өөрөө гардуулж өгсөн байна.