Сүхбаатар дүүргийн 135-р цэцэрлэгийн үүдэнд нэгэн хүү хоёр өглөө дараалан хүүхэд хүлээж авах цагаар орж ирж суусан талаар мэдээлэл цахим орчинд тархаж байна. Тус цэцэрлэгийн эрхлэгч А.Анхмаа “Уржигдар буюу есдүгээр сарын 25-нд таван настай хүүхэд манай цэцэрлэгийн үүдэнд ирж суугаад явахгүй байна гэж ажилтнууд маань хэлсэн. Яагаад суугаад байгааг нь лавлатал “Би цэцэрлэгт л явмаар байна” гээд явахгүй байна гэсэн. Тэгэхээр нь би очиж уулзаад ээж, аавыгаа дагуулаад ир гэтэл “аав, ээж загнана” гээд явахгүй байсан юм. Тиймээс цэцэрлэгийн ажилтнаа цуг явуулж ээжийг нь ирүүлсэн. Ээж нь ойролцоох байрны СӨХ-д ажилладаг гэсэн. Ингээд ээжтэй нь уулзаж хүүхдийг нь цэцэрлэгтээ авъя, эрүүл мэндийн шинжилгээнд нь хамруулаад маргааш ирээрэй гэсэн юм.
Гэтэл маргааш өглөө нь хүү дахиад л ирчихсэн сууж байсан. Хүүгийн гэр бүл Налайхаас нүүж ирээд, ээж нь ажилд ороод удаагүй байсан учраас шинжилгээнд хамруулах боломжгүй байсан юм байна лээ. Тиймээс бид хүүг эрүүл мэндийн шинжилгээнд хамруулж, усанд оруулан, хувцаслаж цэцэрлэгтээ оруулсан. Өчигдөр шинжилгээгээ өгчихөөд шууд л цэцэрлэгтээ явмаар байна гээд байсан учраас одоо яваад эхэлчихсэн ангидаа тоглож байна” гэв. Ийнхүү таван настай хүү өөрийнхөө хүсэлтээр цэцэрлэгт орлоо.