Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, ардчилалын алтан хараацай С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Б.Амгаланбаатар нарын гурван хүнийг буруутгаж, шүүхээс ялласан билээ.
Уг хэргийн цор ганц гэрч гэгдэж байсан Д.Булганыг анх гэмт хэргийг үл мэдээлсэн хэрэгт яллагдагчаар татан шалгаж байсан бөгөөд гэвч хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан тул Д.Булганд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.
Харин тухайн үед Нийслэлийн прокурорын мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ж.Сандагсүрэн “Д.Булган хэргийн байдлыг биеэрээ харсан хүний хувьд гэрч мөн үү гэвэл мөн. Гэхдээ өнөөдрийн дагаж мөрдөж байгаа хуульд “гэрч гэж тухайн хэрэгт холбогдолгүй хэргийн талаар үнэн зүйл мэдэж байгаа этгээдийг гэрч гэнэ” гэж заасан. Гэтэл Д.Булганы хувьд шүүхийн шатанд хэлэлцүүлж гэм буруугаа хэлэлцүүлэх хэмжээний нотлох баримт бүрдээгүй гэдэг нөхцлөөр энэ хүний үйлдлийг прокуророос хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тэгэхээр хуулийн дагуу гэрчийн хэмжээнд оролцох эрхгүй байгаа юм” гэж тайлбарлажээ. Тэгвэл зарим иргэд үүнийг шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байгаа бөгөөд уг хэргийг харсан цорын ганц гэрчийн хувьд Д.Булган дээрх хүмүүс үнэхээр энэ хэрэгт холбогдолтой эсэх дээр цэг тавих ёстой хэмээн үзэж байгаа юм. Гэхдээ сүүлийн үед тагнуулын байгууллагаас Д.Булганыг захиалагчийн асуудалтай холбогдуулан хааяа дуудаж уулзаж байцаалт авч байгаа гэх мэдээлэл байгаа боловч олон хүмүүс энэ хэргийн захиалагчийн тухай асуудал ул мөргүй алга болж замхрах ёсгүй хэмээн үзэж байгаагаа илэрхийлсээр байна.