МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Б.Аззаяа, тус газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын Хорио цээр, стандартын хяналтын хэлтсийн дарга Н.Баярсайхан нар бусдаас их хэмжээний авлига авсан хэргээр энэ оны эхээр АТГ-т шалгагдсан билээ. Тухайн үед АТГ-аас “МХЕГ-ын газрын алба, хэлтсийн дарга нарыг 2017 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдрөөс эхлэн яллагдагчаар татан мөрдөн шалгаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаагаар эдгээр хүмүүс бүлэглэж бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл олгох чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүнсний бүтээгдэхүүн, мал малын гаралтай бүтээгдэхүүн, шонхор шувуу, тахиа, гахайны мах, ургамлын гаралтайт түүхий эд, рапс, самар зэрэг зөвшөөрлийг олгохдоо иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээнд хүнд суртал гаргаж удаашруулах, хясан боогдуулах замаар нэр бүхий аж ахуй нэгжээс их хэмжээний мөнгө хахууль болгон авч зарцуулсан болох нь тогтоогдсон. Прокурорын зөвшөөрөлтэйгээр хийгдсэн нэгжлэгээр сэжигтнүүдийн ажлын байр, орон сууц, хамаарал бүхий обьектуудаас нь нийт 500 гаруй сая төгрөгийн валют хурааж авсан. Шалгалтын явцад их хэмжээний хахуулийн хэрэг нь дахин илэрч, шалгаж байна.” хэмээн мэдээлж байсан билээ.
Энэхүү хавтаст хэргийг одоогоор Нийслэлийн прокурорын газарт хянаж байгаа гэх мэдээлэл байна. Анхан шатны шүүхэд хавтаст хэрэг нь ирээгүй байгаа аж.
Харин МХЕГ-аас энэ хоёр даргыг албан тушаалаас нь түдгэлзүүлсэн бөгөөд орных нь хүнийг одоо болтол томилоогүй, хэлтсийн дарга нь орлож байгаа юм байна.