Хотод баавгайн бамбарууш орж ирсэн дуудлагын дагуу байгаль хамгаалагчид очиж мал эмнэлгийн шинжилгээнд оруулахаар авч явсан тухай Нийслэлийн Байгаль орчны газрын дарга цахимаар мэдэгдлээ. Тодруулбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд өчигдөр өглөө айлын хашаанд бамбарууш орж ирлээ гэх мэдээллийг Шуурхай мэдээллийн төвд ирүүлж, улмаар нийслэлийн Байгаль орчны газарт мэдэгдсэн байна. Бамбарууш 61-ийн гармын хавьцаа явж байхад нь хүмүүс мотоциклоор хөөсөн аж.
Харин Нийслэлийн Байгаль орчны газрын мэргэжилтнүүд дуудлагын дагуу очиж тусгай уургаар барьж, торонд хийгээд Нийслэлийн Мал эмнэлгийн газар руу аваачжээ. Тэдний хэлж буйгаар хаврын бамбарууш бололтой, биеэ даагаад амьдрах хэмжээнд торнисон байсан бөгөөд эхээсээ төөрөөд ирсэн байх хэмээн таамаглаж байгаа гэнэ. Ховор амьтан ямар замаар, хэрхэн хотод орж ирсэн, хүний оролцоо байгаа эсэхийг тодруулахаар ажиллаж байна.
Өмнө нь баавгайн бамбарууш төөрч суурьшлын бүсэд орж ирсэн тохиолдол гарч байгаагүй юм байна. Мал эмнэлгийн эмч нарт үзүүлсний дараа түүнийг байгальд нь тавих аж.