УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг өчигдөр сайдын албан тушаалаас нь чөлөөлсөн бол өнөөдөр УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлдүүлэх асуудлыг чуулганаар хэлэлцлээ. Улсын Ерөнхий прокурорын газраас Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлж өгнө үү гэсэн саналыг ирүүлсэн юм. Гэвч УИХ олонхийн саналаар Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Уг нь Улсын Ерөнхий прокурорын газар Б.Батзоригт холбогдох хэргийг мөрдөн шалгах явцад бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах нотлох баримтууд цугларсан байна. Тухайлбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болох Засгийн газрын гишүүний эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж, 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг үйлдсэн байна. Улмаар УИХ-ын бүрэн эрхээс түдгэлзүүлж шалгах шаардлага гарсан ч УИХ Б.Батзоригийг хамгаалж үлдээж чадлаа.
Яагаад УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах болсон шалтгаанаа Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан “Хуулиас үүдэж барьж, шалгаж болохгүй байна. Та бүхний баталсан хуулиас үүдэж ийм асуудал үүсээд байхад биднийг буруутгаж болохгүй. Хууль сайд ажлаа хийхгүй байна гэж ярьж байна. Хууль зүйн сайд мэддэггүй юм. Хууль зүйн сайд хэрэг бүртгэх мөрдөн байцаалтад ямар ч хамаагүй. Оролцох эрхгүй. Прокурорт эрх нь байдаг юм” гэсэн товчхон хариултыг өгсөн юм.