Иргэд эмчид үзүүлэх болгонд мөнгө төлж байгаа юм чинь цалингаасаа эрүүл мэндийн даатгал төлж яадаг юм хэмээн ихээхэн дургүй ханддаг. Тэгвэл эрүүл мэндийн даатгалын хуулинд оруулсан нэгэн өөрчлөлт удахгүй хэрэгжих гэж байна. Энэхүү өөрчлөлтөөр бол, Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлдөг иргэн спорт клубээр хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой болжээ.
Өнгөрсөн онд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9.4 дэх хэсэгт өөрчлөлт оруулан “магадлан итгэмжлэгдсэн спортын клубт идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээнд урамшуулал олгох” гэж нэмжээ. Энэхүү өөрчлөлт нь 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжинэ гэж заажээ.
Энэ талаар Нийгмийн даатгалын ерөнхий газраас тодруулахад “Хуулийн өөрчлөлтөөр Эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээнд фитнес клубт хөнгөлөлттэй үйлчлүүлэх тухай заалт нэмэгдсэн. Гэхдээ хаана ямар клубт, хэдэн хувиар хөнгөлөлттэй үйлчлэх вэ гэдгийг Эрүүл мэндийн даатгалтын Үндэсний зөвлөлөөс журам баталж тодорхой болгоно. Одоогоор энэ журам батлагдаагүй байна” гэсэн юм. Мөн “БСШУСЯ-наас магадлан итгэмжлэгдсэн спорт клубүүдийн жагсаалт гаргах байх. Түүнээс нь сонгон шалгаруулалт явуулж тодорхой хэсгийг нь сонгоод, тухайн клубүүдэд тэдэн хувиар хөнгөлөлттэй үйлчилнэ гэсэн журам гарах ёстой. Түүний дараа иргэд Эрүүл мэндийн даатгалаараа фитнес клубт хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломж бүрдэнэ” гэлээ.
Хууль нь ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс мөрдөгдөж эхлэх гэж байтал холбогдох журам нь одоог хүртэл батлагдаагүй байна.