УИХ-д суудалгүй 14 намын удирдлагуудыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 21 нам сүүлийн үед нийгэм, улс төрд үүсээд буй нөхцөл байдлын талаар хэлэлцээд 14 нь одоогийн Засгийн газар болоод Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг дэмжихээ илэрхийлэхээр ийнхүү хандсан байна.
Төрийг цэвэрлэж, шударга бустай хатуу тэмцэнэ гэсэн Ерөнхий сайдын зоримог алхам, Төрийн ордонд байгаа хулгайч нарыг илрүүлж, цэвэрлэнэ гэсэн бодлогоо тууштай явуулахыг хүсээд, цаашид дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ.
Намуудын удирдлагуудад хандаж Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Надад хоёр л зам байгаа. Нэг бол улс эх орон, үр хүүхэд, хөгжил дэвшлийн төлөө, шударга ёс, шударга нийгмийн төлөө зүтгэж, тэмцэх зориг гаргах. Эсвэл эндээ живээд, хэд гурван хүний сандал, ширээг тавтай сайхан байлгах гэж оролдоод дуусах. Би нэг дэх замыг нь сонгож байгаа” гээд үйл хэргийг нь намууд ийнхүү дэмжиж, санал бодлоо хуваалцаж байгаад баярласнаа илэрхийлсэн юм.