Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 29. Энэ өдрийг Тээврийн цагдаагийн албанаас Зам, тээврийн осолгүй, аюулгүй амьдралын төлөө “Хичээх өдөр” болгон зарлаад байна.
Тус газраас “Нийслэл хотын замын хөдөлгөөнд оролцож буй иргэд, тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх “Хичээх өдөр”-т оролцон, замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, хөдөлгөөнд соёлтой оролцоцгооё” хэмээн уриалж байгаа юм. Өнөөдөр оюутан сурагчид замын гол хөдөлгөөнтэй хэсэгт эгнээгээр зогсон сурталчилгааны үгтэй зурагт хуудас барьж олны анхаарлыг хичээх өдөрт чиглүүлнэ. Жолооч нарыг гэрлээ асааж энэ өдөрт идэвхтэй оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.
Мөн Зам тээврийн ослоор хохирсон иргэд болон тэдний ар гэрийнхний дуу хоолойг олон нийтэд хүргэх замаар ослын хор уршгийг олон нийтэд таниулах, хохирсон иргэдэд хүндэтгэл үзүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Зам тээврийн ослоор хохирсон иргэд, тэдний ар гэрийнхний дуу хоолойг хүргэх өдөр”-ийг 5 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Уг арга хэмжээг энэ жил “Хичээх өдөр” сэдвийн хүрээнд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн алба хамтран зохин байгуулж байгаа бөгөөд өнөөдөр 10.00 цагаас Тээврийн цагдаагийн албаны Төв байрнаас эхлэх юм.
Монгол улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас:
– 1 хоногт: 15-20 хүн осолд өртөж гэмтэж бэртэж
– 1 хоногт: 1-2 амь насаараа хохирдог гэсэн тоо баримт бий.
Зам тээврийн осолгүй, аюулгүй амьдралын төлөө бүх нийтээрээ хичээцгээе.