Орос бол манай дэлхийн том гүрний нэг, нийслэл Москва хот ч том, өдөр бүр өргөжин тэлж, энд амьдарч буй хүн амын тоо тасралтгүй өсөж байна. Олон юм ярилгүй, энэ том хотын замыг яаж зунд нь услаж, өвөлд нь яаж цаснаас нь цэвэрлэж буй техникүүдийг хараад бодсон бодлоо бичлээ.
Москва хотын гол өргөн цагираг замуудыг сүүлийн үеийн КАМАЗ, УРАЛ маркийн машин, техникээр зохион байгуулалттай цэвэрлэх юм. Гэтэл хажуугаар нь жижиг гудамж талбай, явган хүний замуудыг тракторууд л цэвэрлэж харагдах нь нүдэнд өвөрмөц тусах юм. Эдгээр тракторууд нь маш энгийн хийцтэй, гэхдээ бат бөх, нөгөө гарын ая даахаар, бас хүйтэн уур амьсгалд хэвийн ажиллаж байна.
Засвар арчилгаа, техник үйлчилгээний хувьд хамаагүй хялбар бөгөөд үнэ өртөгийг нь судлаад үзтэл маш хямдхан юм. Беларусын МТЗ-82.1 загварын ардаа нүх ухдаг шанагатай, урдаа шороо утгах шанагатай шинэ трактор 810.000 рубль(ойролцоогоор 30 сая төгрөг) гээд байж байна. Оросууд энэ тракторын ард нь щетка, урд нь түрдэг шанага зүүгээд өвөлдөө цас арилгаж байгаа бол зундаа усны чиргүүл зүүгээд замаа услаж ашиглаж байна.
Эдгээр тоноглолыг авах, тээврийн зардал нэмж тооцвол 50-60 сая төгрөгөөр цоо шинэ иж бүрэн нэг трактор авчих юм шиг байна. Манайх шиг юу ч үйлдвэрлэдэггүй улс бол гоё ганган, өндөр өртөгтэй тусгай зориулалтын цэвэрлэх машин авах гэж мөнгө хайж байхаар Улаанбаатар хотын хэрэгцээнд зориулж ийм 100 нэгж трактор авчихвал ирэх 10-15 жилдээ толгой өвдөхгүй, цаг, хогоо цэвэрлээд замаа услаад байх боломжтой л харагдаад байна даа.