Нийслэлийн удирдах зөвлөгөөнөөс өгсөн үүргийн дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 02-03/338 тоот \”Төлөвлөгөөт бус шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд Нийслэлийн төвийн 6 дүүргийн авто замын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа авто машины угаалгын газруудад Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн улсын байцаагчид холбогдох хууль тогтоомж, стандартын хэрэгжилтэд шалгалт хийлээ.
Шалгалтад авто замын дагуу байрлалтай нийт 80 авто машины угаалгын газар хамрагдлаа. Шалгалтад хамрагдсан газруудаас байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй, ус ашиглах дүгнэлт гаргуулаагүй, хог хаягдал тээвэрлүүлэх гэрээ хийгээгүй, ойр орчиндоо мод тарьж, зүлэгжүүлэлт хийгээгүй, авто машины угаалгын үйлчилгээ ангилал, ерөнхий шаардлага MNS 5347:2003 стандартын зарим хэсгийг зөрчсөн зэрэг нийтлэг зөрчлүүд илэрлээ.
Зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжүүдэд нийт 2880000 төгрөгийн торгууль ногдуулж, 67 авто угаалгын газрын эздэд нийт 261 заалт бүхий \”Зөрчил арилгуулах тухай” улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Шалгалтын дүнтэй холбогдуулан \”Авто машины угаалгын үйлчилгээ ангилал, ерөнхий шаардлага” стандартад өөрчлөлт оруулах, авто машины угаалгын газарт гүний ус, шугамын цэвэр ус ашигладаг байдлыг зогсоох, ашигласан усыг цэвэршүүлэн дахин ашигладаг болгох талаар холбогдох байгууллагуудад санал хүргүүлж ажиллалаа.