Гүүгл компани ажлын зар бичихдээ үндсэн дөрвөн зүйлийг голчилдог. Үүнд: компанийн тухай, гүйцэтгэх үүрэг, үүрэг хариуцлага, ур чадвар багтана. Тэдний судалж үзсэнээр, ерөнхий мэдээллээс нарийвчилсан руу буюу байгууллагын талаарх мэдээллээр хангаж, өдөр тутамд ямар үүрэг гүйцэтгэх талаар бичих хэрэгтэй аж. Тухайлбал Гүүгл компани програм хангамжийн мэргэжилтэн ажилд авах бол ажлын зараа дараах байдлаар нийтэлнэ.
1. Компани: Байгууллагын алсын хараа болон эрхэм зорилгыг тодорхойлно (Гүүгл компанийн эрхэм зорилго бол…)
2. Гүйцэтгэх үүрэг: Өдөр тутмын ажлын гүйцэтгэх үүргийг уншигчид шууд хандсан байдлаар бичнэ (Та гүүгл компанийн зүрхэн хэсэг болсон инженерийн багт өндөр чанар бүхий мобайл апликейшн, бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэх үүргийг багийн хамт гүйцэтгэнэ.)
3. Үүрэг хариуцлага: Ажлын үүргийг нарийвчлан бичнэ (Шинэ мобайл апликейшн турших, хөгжүүлэх …).
4. Шаардагдах ур чадвар: Тус ажлыг хийхэд шаардагдах боловсрол, туршлага, ур чадварыг хамруулна. Тун тодорхой бичнэ. (C++/Java заавал шаардлагатай )
Гүүгл компанийн ажлын зарыг боловсруулах үүргийг ажилтны шалгаруулах баг хариуцдаг. Тэднээс гадна шалгаруулах менежер, багийн гишүүд, тухайн үүрэгт ажлын талаар илүү ихийг мэдэх хүмүүсийн гараар дамжина. Үүгээр багийн бусад гишүүд ямар хүлээлттэй байна, энэ нь байгууллагын үйл ажиллагаанд ямар байдлаар нөлөөлөхийг тодруулах юм.
Ажлын зар бичихдээ ажил горилогчид компанийн талаар зохих мэдээлэл өгөхөөс гадна компани ажил горилогчоос юу хүсэж буйг оруулдаг. Ажилтан шалгаруулах багийнхан ажлын зарын бүтэц, контент, утга санааны ойлгомжтой болон тууштай байдлыг нэгд нэгэнгүй шалгадаг онцлогтой.
Ажлын зарыг олонд нээлттэй болгохын урьд ажилтан шалгаруулах менежерээс гадна тухайн ажлыг ххриуцсан ажилтанаар оновчтой, тодорхой байдлыг нягтлуулах хэрэгтэй. Ингээд Гүүглийн өгөх зөвлөгөө бол:
• Ажлын зарын тодорхойлолтыг чангаар унш
• Цөөн үгтэй байх тусам сайн
• Тодорхой бөгөөд хүн бүрд ойлгомжтой үг хэллэг хэрэглэнэ. Мэргэжлийн болон товчилсон үг аль болох бага хэрэглэнэ
Үгийн сонголт оновчтой байхаас гадна ажлын зарын ерөнхий бүтцийг анхаарна. Тэдний хийсэн судалгаагаар ажил горилогчид сунжирсан тексттэй хэсгийн алгасаж, шалгуур бүхий хэсгийг уншдаг байна. Иймд ажил горилогчид уншихад хялбар формат (тусгайлсан эхлэл хэсэг, сум, богино текст) хэрэглэх хэрэгтэй.