“МАНАН дэглэмийн эсрэг бүх ард түмний жагсаал” өнөөдөр хоёр дахь удаагаа Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Энэ удаагийн цуглаанд ирсэн залуусын тоо илүү олширсон харагдав. /2019.1.10 13:30 цаг/
АХМАДУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ
-Бид эх орноо хэн нэгнээс худалдаж аваагүй. Бусдад худалдахгүй. Ахмадууд бидний хувьд ясаа тавих газартай, үр хүүхэд минь өлмийгөөрөө гишгэх бүрэн бүтэн газартай байгаасан гэж энэ жагсаалд зорьж ирлээ.
МОНГОЛ СУДЛААЧ Др., ПРОФ ЦОРОС ЦЭ.ЖОНОН:
-Монгол улс яаралтай зөв зам руугаа орох хэрэгтэй байна. Ядарсан ард түмэн энэ ялзарсан төрийн хөлд чирэгдэж байна. Залуучууд компьютерийн ардаас биш Монгол хүний ухаанаар биеэрээ ирж өөрсдийнхөө ирээдүйнхээ төлөө тэмцэх хэрэгтэй байна.
ЗАЛУУСЫН ТӨЛӨӨЛӨЛ
-Залуучууд бид нар яагаад энэ золигийн МАНАН дэглэмийг хүлцэнгүй тэвчих ёстой гэж? Өнөөдөр намайг хэн ч энд ир гэж хэлээгүй, гэхдээ би энд байх ёстой гэж ирсэн. Шударга бус энэ нийгмийг нүдээрээ харж байна, бие минь ч мэдэрч байна. Нийгмээ өөрчилмөөр байна.
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭН
-Өнөөдөр бид тавин нас гарчихаад явж байна. 28 жил амьдрал сайхан болно гэж хүлээж итгэж ирлээ. Гадагшаа гарч амьдрах боломж байсан ч эх орноо хөгжинө гэж итгэсэн итгэл минь өнөөдөр хөсөрдөж тэсэрч байна.
АРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭН
-Энэ ядуу тарчиг амьдрал хэрээс хэтэрлээ. Цалингаараа сайхан амьдарч үзмээр байна. Бухимдаж байна. УИХ-ын дарга бидний шаардлагыг хүлээн авч төрийн ажлыг гацаанаас гаргаж, одоо бодит амьдралаа өөд нь татмаар байна.
ОЮУТНУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ
-Ёс зүйтэй ирээдүйд очихын тулд өнөөдрийн жагсаалд найзуудаараа хамт ирцгээсэн. Аливаа хөгжиж байгаа улсыг залуучуудын дуу хоолой сэрээдэг. Иргэнийхээ үүргийг биелүүлж эх орноо аврах тэмцэлд ирлээ. Залуус минь одоо бидний үе ойртож байна.