Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан энэ сарын 23-ны өдөр болохоор товлогджээ. Үндсэн хуулийн цэцийн Дунд шатны хуралдаанаас “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт төлбөрт гаргуулсан боловч худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч төлбөрт тооцон авахаас татгалзсан тохиолдолд гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцааж, түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй байхаар хуульчилсан нь Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн” гэж үзэж 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 08 дугаар дүгнэлтийг гаргасан билээ.
Дээрх дүгнэлтийг Монгол Улсын Их Хурал хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн тул Үндсэн хуулийн цэц энэхүү маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэхээр болов гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.